Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Гэрээсээ гараагүй бамбарууд

Хүн тодорхой цаг хугацаа нь болохоор хүссэн хүсээгүй гэрээсээ гарах ёстой ажээ.  Ямар сайндаа л монголчууд 18 нас хүрэхээр нь хүүгээ ч бай охиноо ч бай хүнтэй суулгаад тусад нь гаргадаг нь бас л нэг ухаан гэлтэй.  Хаа холын өрнөдийнхөн хүүхдээ 18 нас хүрэхээр нь хөөдөг гэнэ гээд л манайхан хатуу сэтгэлийг нь гайхан шагширдаг.  Дэргэдэхээ анзаардаггүй монгол зангаар анзаарч сөхөөгүй  юм уу даа. Юутай ч бидний өвөг дээдэс тийм л уламжлалтай байж.  Хөдөө орон нутагаас 27 нас хүрсэн, нөхөрт гарч, эхнэр аваагүй хүнийг олоход хэцүү.  Өнгөрсөн зууны 50 оны эхнээс Улаанбаатар хот маань өргөжин тэлж "хотын хүүхэд" "Улаанбаатарынх" гэдэг нэр томъёо монгол хэлэнд түлхүү орж ирдэг байжээ.  Угтаа "хүрээ хүүхэн" ,"хүрээнийхэн" гэдэг байсан авч хоёр иргэншлийн ялгаа заагийг ард түмэн нэрлэдэг байсан мэт.  "Нийслэл хүү" гэдэг киноны нэр ч бас л утгатай байжээ.  Энэ тухай дараа тайлбарламой.  Иргэншиж хөгжсөн шинэ хотынхон маань паартай байшин, паалантай жорлон, хананаас нь ус гоождог өргөөнд орсон нь нүүдэлчин амьдралын хэв маяг, уламжлалыг шал өөр болгоод зогссонгүй монголчуудын амьдралын бүхий л хэв маягыг өөрчлөх эхлэл нь байсныг яахин төсөөлөх билээ.
     Таван ханатай гэр төхөөрөөд бод, богоосоо таслаж, эргэнэгийг нь охиндоо өгөөд тусад нь айл болгохоос хот газрын "тусдаа гаралт" хамаагүй их хөрөнгө шаарддаг ажээ.  Энэ бүгдийн үр дүнд 18 нас хүрээд өрх тусгаарлаагүй залуус мэр сэр байсаар л байна.  Уншигч эрхэм танд магадгүй өөр шалтгаан бий гэж бодогдож юун магад.  Эд хөрөнгийн дарамт гэхээс илүү эцэг, эхийн бэлэн хоолон дээр байх дуртай хэсэг ч бас бийг нуух юун.  Энэ хэсэг хүмүүсийг би гэрээсээ гараагүй бамбарууд гэж дуудах дуртай.  Тэр бамбаруудын нэг нь би.  Хэзээ бар, арслан болох нь мэдэгдэхгүй ийм хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өргөжиж тэлсээр юунд хүргэхийг бид үл мэднэ.  Ажил орлоготой, байр сууц, хэрэглээнийхээ хэдэн төгрөгийг олчихдог байлаа ч эцэг эхийн бэлэн хоолноосоо тэд салах тун дургүй.  Эцэг эх нь ч бас дургүй ажээ.  Гэр бүл болж байж өрх тусгаарладаг гэдэг ойлголтыг эвдэх цаг нэгэнт болж.  Гуч хүртлээ тусдаа амьдраагүй хүү, охин чинь амьдралын жижигхэн чулууг уулын дайтай төсөөлдөг болтлоо эргээд  нялхарч байна даа эцэг, эх минь.     


бичсэн: dadido | төрөл: 2013-10-05 өдөр 19:39
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



bambaruudaa gej
Бичсэн: dao 20:13, 2013-12-18 | Холбоос | |


үнэн шүү
Бичсэн: amaahai76 02:52, 2013-11-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax