Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Өглөө

 .        Өглөө гэж юу байдгыг сургуульд ороод л анх мэдэж байлаа.  Өглөө шугмын радио дугараад л "Ургацын далай" гэдэг гунигтай аятай дуу яваад л.  Тэгээд удалгүй Дөрвөн Уул радио станц  нэвтрүүлгээ эхлэнэ.  Өглөө болгон эртлэн босч өндөр тэнгэрийг бахархан харж бай.  Огторгуйн хурмаст уужмын хутагаа оюун ухаанд чинь хайрлах болно гээд л.  Тэрийг сонсоод хичээлдээ гарна даа.  Хааяа өглөө шугмын радиотой айлын радио дугархаар гоё санагдаад байдын.  Өглөө хичээлдээ явах нэг тийм дургүй ч юм шиг айж байгаа ч юм шиг явдаг байлаа.   Одоо ажилдаа өглөө гараад л.  Хоцорчих вий гэж айгаад л.  Зуны өглөө нэг тийм гоё байдаг бол хаврын өглөө цаанаа л нэг догдлолтой.  Намрын өглөө цаанаа хөнгөн түгшүүртэй.   Өвлийн өглөөг ажлын байран дээр очсон үедээ л мэдэрдэг.  Сониноос би нээх сонин зуршилтай.  Өглөө хүнтэй юм ярьвал яг заавал нэг юм мартдаг.  Өглөө чимээгүй байж байгаад гарвал дээр байдаг.  Өглөө яагаад ч юм нэг их цайлаад байх дургүй.   Цайлахаар заавал өдөр нь нам өлсдөгийн их сонин.  Хүмүүс шөнө их сууж юм хийдэг.  Би лав чаддаггүй юм.  Урд нь чаддаг л байсан.  Олон шөнийн нойр хагаслаад одоо дийлэхээ больж дээ бараг.   Маргааш нь заавал нүүрэн дээр юм гардаг нь хууль.  Бүтэн сайны өглөө нам унтах мөн ч сайхан шүү.  Цаанаа л баяр баясгалантай. 


бичсэн: dadido | төрөл: 2012-10-18 өдөр 21:35
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Би кино үзмээр байна

Би кино үзэх их дуртай л даа.  Сонирхолтой агуулгатай кинонд бол бүр нугасгүй.  Кинонд дургүй хүн гэж байхгүй.  Харин хүний дургүйг хүргэдэг кино л гэж бий байх.  Нэг нэгнийхээ зохиолыг хуулчихсан, төстэй үйл явдал, жүжиглэл, зохиолтой киног эхний хэдэн үйл явдлыг хараад л бараг үздэггүй. Фантаз кинонд бол дургүй.  Боевик киног үздэг.  Гэхдээ Тээвэрлэгч маягийн киног бараг үздэггүй.  Өөрийнхөө дуршлыг хэлж мэдэхгүй юм  л даа.  Тэгсэн мөртөө Act of Valor ийг бол хэд дахин давтаж үздэг.  Яагаад гэвэл тэр бодит баатруудын тухай кино.  Драма адал явдал хууль эдийн засгийн сэдэвтэй кинонд мөн ч их дуртай даа.  Inside job ийг үзээд үнэхээр амаа ангайсан.  Олон ангит киног сүүлийн үед үзэж чадахгүй байна.  Солонгосын киноноос эмч Хөжүний олон ангит кино л их таалагдсан.  Бусад нь лаг л даа.  Гэхдээ түүн шиг амтархаагүй юм байна. 
Манай улсад яс юман дээрээ 2 хон кино театр байдаг болтой. Дэлгэцийн бодлого энэ тэр бол яг нэг ижил.  Монополь ч юм уу хаашаа юм.  Заримдаа Америкийн салбар кино театрууд юм уу гэж бодогдох.  Гаргаж байгаа кинонуудын ихэнх нь жилийн дараа таг мартах кинонууд.  Шинэ гарсан кино болгон лаг биш шүү дээ.  Заримдаа анзаарахад яг л хог түүж гаргаад байгаа юм шиг.  Expendable, john carter, hunger game, transformers clash of titans төрлийн кинонуудаар пиг дүүрэн.  Ядаж хоёр өөр кино гаргаж чаддаг юм уу бүү мэд.  Орос, Хятад гээд гоё гоё кинотой орнуудын киног яагаад гаргаж болдоггүй юм.  Монголын залуусыг байнга төмөр буу харшилдсан киногоор битгий хордуулаач.  Lincoln Lawyer ийг орчуулгатай тавьчихад лав л олон хүнд таалагдана.                                 
Хэл устай хүн бол торрент энэ тэр ашиглаад сонирхсон сэдвээрээ ямар ч киног олж аваад үзчихэд чадна.  Хэл ус муутай "хүний гар харах" аас өөр юмгүй хүмүүст бол дээрх гаргаж байгаа кинонууд бол зүгээр л "шахааны наймаа". Их дээд дундгүй англи хэл зааж байгаа боловч яг хүссэнээрээ хайх мэдлэгтэй хүмүүс нь хэд байгаа билээ.  Кино театр хувийнх ч гаргаж байгаа үйлчилгээ нь нийгэмд нөлөөлдөг. 
Өөрийн гэсэн өнгө төрхтэй нийгэмд танигдсан кино театр цөөхөн.  Тодорхой цөөн хүрээний зарим нэг жижиг театр байдаг л гэсэн. Кино театрын хувьд бол ийм байна.
Сүүлийн үед Монголдоо шуугиан тарьсан баримтат кинонууд байна уу.  Ихэнх нь уул ус, нүүдэлчний амьдралын тухай л биз дээ.  Намын захиалгат нэвтрүүлгийг баримтат кинонд оруулдаггүй л юм бол энэ талаар чих дэлдийлгэсэн юм алга. Эрэн сурвалжилсан сэтгүүл зүй гэж байна уу.  Шөнийн толь л орлож байх шив.  Зууны Луйвар бол үнэхээр агуу сурвалжлага.  Түүн шиг хийгдсэн сурвалжлага тоотой хэд.  Манай нийгэмд магадгүй эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжиж байж сая тэр авлига гээч балиар юмыг илрүүлнэ биз.  Ай хөөрхий яасан уйтгартай байхын монголын медиа ертөнц




бичсэн: dadido | төрөл: 2012-10-02 өдөр 16:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

эргэцэн бодол

     Хүмүүс яагаад бие биендээ дурладаг юм бол.  Яг юунд нь ч болдын.  Үс, бие, сэтгэл, дуу хоолой, арьс, эсвэл нүд, харц.  Их л сонин юм байдаг болтой.  Тэр мэдрэмжэээс мартчиж.    Дурлал гэж чухам яг юу ч юм.  Дурлал гэдэг сонирхож эхэлсэн тоглоом ч юм шиг.  Энэ тоглоомонд хүн гэнэт л ордог.  Ер нь хүн тоглоомонд гэнэт ордог.  Тоглоомонд нэг тал нь хождогтой адил дурлалд аль нэг тал нь хождог.    Дурлалд цөөхөн хүн л хождог.  Хайр гэж юу вэ.  Тэр бол дурлалаас шал ондоо зүйл.  Монгол хэл тийм баялаг бөгөөд хайр ба дурлал гэсэн үг байна уу.  Эхийн хайр гэдэг болохоос эхийн дурлал гэдэггүй.  Дурлал тэгэхээр чухам юу вэ.  Миний бодлоор зүгээр л мэдрэмж бололтой.  Энэ мэдрэмжийг яаж ч унтуулж болно.  Яаж ч сэрээж болно.  Насаараа сэрэхгүй ч байж болно.  Тэр бол хувь заяа болой. 


бичсэн: dadido | төрөл: 2012-10-02 өдөр 16:34
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

зүүд

Урд шөнө зүүдэндээ баахан сургуулийн сурагч байж байгаад сэрлээ.  Баярлаад л гүйгээд байлаа.  Сургуулийн коридор энэ тэр гээд л.  Тэгээд гэнэт сэрчвээ.  Сэрээд хамгийн түрүүнд "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол" гэдэг дууны үг орж ирж байлаа.  Ай хүүхэд  нас чи ямар ч хурдан өнгөрсөн юм бэ дээ.  Лав л хөгшрөхөд миний залуу насанд зүүдлээд байх адал явдал байхгүй юм даа.  Би зүүдэндээ үргэлж сургуулийн сурагч.  9 сарын 1 дөхөхөөр ингээд байна уу даа.

бичсэн: dadido | төрөл: 2012-08-30 өдөр 21:44
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

бичлэг

     Цаг хугацаа урсан өнгөрсөөр нэг мэдэхнээ өдийд хүрчихжээ.  Хэдхэн жилийн өмнө шоудах донтой байсан бол одоо бүр унтарчиж.  Гэхдээ хааяа нэг хөлсөө гартал дэвхцэх ямар сайхан гэж.  Одоо бол гэртээ нэг орондоо ороод сайхан ном уншаад хэвтэх сайхан санагдах юм.  Өдөр болохоор орой уншсан номыхоо дүрүүдийг бодоо л эргэцүүлээл цаашаа яг юу гарах бол гэж таамаглаад л.   Ядаж байхад баахан ном татаад авцан тэд нарыгаа уншихыг яараад л.  Нэг л тийм догдлонгуй.  Болзоонд явж, хайрын үгтэй мсж бичиж байдаг нас маань орон доторх номтойгоо л зууралдах юм даа.  Заримдаа нэг их сайхан драма үзэхээр бас сайхан.  Өглөө автобусанд явахдаа Тунгалаг тамирыг байн байн сонсоод л.  Яагаад ч юм нэг л "амттай".  Заримдаа нэг их гоё хоббитой болмоор санагдах юм.  Гэхдээ яг юуг хобби болгох оо мэдэхгүй л байна.  Багадаа бөхөд их л хорхойсож ярилцлага зураг хөргийг нь цуглуулдаг л байлаа.  Түүнээс хойш аймаар сонирхсон юм бараг алга даа.  Төлөвлөж болдог цагтай байсан бол бүжгийн клубт явмаар л байдын.  Яагаад болохгүй байна гэвэл хий мөнгө төлөөд очиж амжихгүй байгаад байдаг. 
Завгүй байх тусам хүн цаг хугацааны үнэ цэнийг их мэдэрдэг юм байна.  Би гэхдээ бизнесмэн биш л дээ.  За амьдрал нэг иймэрхүү.  Яг юм бичих гэхээр тулгамдаад хэцүү юм аа.  Сониноос John Grisham ийн номуудыг монгол хэл дээр гаргаасай бурхан минь



бичсэн: dadido | төрөл: 2012-08-21 өдөр 20:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Зун

Энэ зун мөн ч сайхан амарлаа даа.  Хөвсгөл далайгаа зорин байж очиж үзлээ.  Сайхан ч наадлаа.  Сайхан ч шоудлаа.  Амьдрал сайхан л байна.  Зарим нэг нь хөдөлмөрлөсөнгүй гэж загнах байх л даа.  Жилийн дөрвөн улирлын 3 хан сард нь л ингэж авахгүй бол хэзээ ингэх билээ дээ.  Хотын утаа, стресс, замын түгжрэл, хүйтэн цаг агаар энэ бүхэн үнэндээ их ядраадаг.  Магадгүй үндсэн ажлаас нь илүүтэй эд нар л их ядраадаг.  Анх Хамрын хийд рүү ганцаараа явснаас хойш ганцаараа аялах дуртай болчоод байгаа.  Одоо харин нэг сайн зургийн аппараттай болох хэрэгтэй.  Би заримдаа өөрийгөө ажаад байхад их тийм романтик ч юм уу хийсвэр ч юм уу тийм юм.  Зарим хүнд юуны чинь зургийн аппарат мантай л байгаа. 

Ингээд өөрийгөөө харсан чинь ганцаараа сингл бололтой.  Гэлээ гээд харин ч эрх чөлөөтэй сайхан юм даа.  Эрх чөлөө, тусгаар тогтнол мандтугай

Аа тийн.  Улс төр нээрээ гоё болж байна аа.

бичсэн: dadido | төрөл: 2012-07-26 өдөр 20:00
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Амьдрал аа гэж юм болгоныг харах болгондоо дотроо янз бүрийн юм бодох.  Машинд суухдаа энэний дизайныг нь гаргах гэж хэдэн хүмүүс яаж нойроо хассан бол, дараа нь бусад төслийг ялах гэж ямар юм болоо бол.
Зурагтаар буга алагдсан тухай сонсоод " хичнээн мөрдөн байцаагч эрүүгийн төлөөлөгч нойргүй явж байгаа бол дарга нь яаж дээрээс нь шахаж шаардаж байгаа бол"
Зарим хүмүүсийг хараад "энэ хүүхэд насандаа тийм тийм араншинтай байсах байх, гэр орондоо тэгж аашилж байгаа, хөгшрөхөөрөө тэгэх хүн байна даа" гэж бодох
Дуугүй хажууд сууж байгаа хүүхнийг "энэ миний талаар юу гэж бодож байгаа бол.  Магадгүй анзаарахгүй л байх шиг байна.  Гэвч би чиний бодож байгаагаас шал ондоо, өөр хүн дээ" гэж бодох.   
Би баахан чалчиж байхад олигтой ярихгүй байгаа хүнийг "энэ хүн надаас залхаж байгаа бололтой.  Сэдвээ өөрчлөх үү орхиж явах уу"
Сүүлийн үед эсрэг хүйснийхээ үе чацуутныг их бодох боллоо.  Бодлоо хэрэгжүүлж амжихгүй эсхүл чадахгүй яваа бол бодохын ч хэрэггүй юм шиг байгаа юм.  Зүгээр л март гэж.  Марталт бас сайн ч байх.  Хүн яавал мартах вэ.  Өөр зүйл хийх.  Байнга ямар нэгэн зүйл хийх.   


бичсэн: dadido | төрөл: 2012-06-09 өдөр 22:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

гунигтай л байна

     Зүг чигээ мэдэхээ ч байлаа.  Хаашаа юунд зориод байгаагаа ч ойлгохоо байлаа.  Зүгээр л мал шиг болж дээ.  Дургүй зүйлээ хийнэ гэхээс яс хавталзах.  Яасан ч дуртай болж чадахгүй бололтой.  Урд нь ямар ч аймаар оргилуун, дуртай байсан юм.  Бусдын өмнө зүгээр л баг зүүсэн хүн л байна.  Болъё гэтэл тэр хүмүүсийн итгэлийг өрөвдөх.  Ацан шалаа ч гэхэд хаашаа ч юм.  Больдог л юм бол гадагшаа зугтаахаас өөр аргагүй.  Зугтаана гэж том үгээр илэрхийлж байгаа ч үнэндээ бол би дараа нь яаж нүүрийг нь харах юм.  Хэсэгтээ зугтсан нь дээр биз.  Энэ новшийн ертөнцөд яах гэж хөл тавьсан юм бол доо.  Бүр мултарч болохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ дээ.  Тэртээ тэргүй би бол зүгээр л бүртгэл шд.  Өөр юу ч биш.  Хэн нэгний хувьд би бол зүгээр үзэгдэл.  Надад мэдрэмж, хайр дурлал, хүсэл мөрөөдөл юу ч алга.  Анх сургууль төгсчихөөд 2 жилийн дараа ямар байх бол гэж блог дээрээ бичиж байсан санагдана.  Тэр үед би амьд байж.  Одоо юу ч үгүй хоосон сэтгэл.  Өөрийгөө аль юм болгонд хуурах ч юм бэ дээ.  Кинон дээр гардаг шиг гүүрэн дээр зогсож байгаад гар утас, бүх юмаа ус руу шидчихээд нэг сайхан амьсгалаад алга болох юмсан.     
     Хорвоог хүний ёсоор дуусгачих юмсан.  Яасан ч хэцүү амьдрал вэ дээ.   

бичсэн: dadido | төрөл: 2012-06-03 өдөр 15:48
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Хошин урлагынханд зориулав

     Хошин урлаг сайхаан.  Хүний хараагүй мэдрээгүй анзаараагүй зүйлийг гаргаж ирээд ухаарал, нууцхан гуниг, баяр хөөр бэлэглэдэг.  Гэлээ ч аливаа зүйлд давах ёсгүй шугам гэж байдаг. 
Аль ч үндэстэнд аливаа нэг үг хэллэгийг янз бүрийн авиагаар хэлдэг.  Англи хэл сурах гэж оролдож байсан нэг нь илүү мэдэх биз.  Ганцхан ус гэдэг үгийг англи, америкчууд хоёр өөр авиагаар хэлэх жишээтэй.  Өвөрмонголчууд маань адилхан монгол үндэстэн боловч аливаа зүйлийг оноож хэлсэн хэллэг нь биднээс өөр байдаг.  Ар монголд ч нэг зүйлийг олон янзаар нэрлэсэн л байдаг.  Ах дүү нараа хэлний онцлогоос нь болж элэглэж хошин урлагын бүхэл бүтэн тоглолт зохиож байгаа нь даан ч харамсалтай.  Ялангуяа хошин урлагын "Маск" хамтлаг энэ талаар нилээд "занималдсан".  Үндэсний эв нэгдэл, үндэс угсаагаа бодсон ч ийм зүйлээр элэглэл зохиож байгаа нь арай л дэндүү мэт.  Гэтэл үнэндээ "жинхэнэ монгол хэлэнд" гадаад үг дэндүү их байгаа ч монголчилж нэрлэсэн юм алга л байна.  Монгол бичгийн талаар бүр ч ярилтгүй л дээ. 
Саяхан Монгол даатгал компанийн нэгэн реклам явж байна аа.  Казах нь ухаантай, буриад нь нэг тийм хулгайч, хээ шаагүй нөхөр гээд байгаа юм уу хаашаа юм.  Казах гэхээрээ монголоор хальт мульт ярих ёстой ч юм уу..  Реклам зар сурталчилгаа эрх зүйн зохицуулалттай.  Ёс суртахуунд үл нийцсэн зар сурталчилгаа гэж7.4.5.үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан.
Тэр реклам дээр бол Буриад зоныг шууд л доромжилсон байна лээ.  Ер нь сүүлийн үед Буриад зоныг  алуурчин/ Долоон бурхан харвадаггүй кино/, архичин, хутгаар бүлэгч гэх дүр төрхөөр гаргаж байгаа нь даан ч харамсалтай.  Э.Ренчиног шууд л алуурчин болгочихсон байна билээ.  Түүх ийм бишийг Баабар гуай нийтлэлээрээ сайн тайлбарласан.  Буриад зон хэлмэгдүүлэлт, эрх чөлөөгөө алдах  гэж юу байдгыг дэндүү их мэдэрсэн.  Түүхээ мэдэхгүй зарим сэтгүүлч нар маань "БУРИАД, Монгол" гэж ярьж, бичиж, нийтлэх юм.  Буриад бол тусдаа үндэстэн биш монголын үндэстний нэг салбар.  Тусдаа ойлголтуудын дундуур таслал тавьдаг санагдах юм.  Эрх чөлөөт Монгол улсдаа дахиж урлаг, соёлын бүтээлээр хэлмэгдмээргүй л байна.  

Европт еврейн Давидын шар од зүүсэн нөхөр хулгай хийж байгаа, голрох гэж байгаа реклам цацвал юу болох бол.  Төсөөлөхөөс ч аймаар. 


бичсэн: dadido | төрөл: 2012-05-15 өдөр 23:50
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

бичлэг

Блог дээрээ бичлэг оруулаагүй их удаж дээ.  Анх блог бичихэд бичлэгээр бөмбөгддөг байсан бол одоо нэг бичлэг бичих гэж буман юм бодох болж дээ.  Зөв ч   юм уу буруу ч юм уу.  Хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу гээд л.  Лав л сүүлийн үед нийгмийг шүүмжилж бичихээс нилээд зай авдаг болох гээд байгаа.  Шүүмжлэх гэж яг юу вэ.  Муу хэлэхээс юугаараа ялгаатай тухай С.Молор-Эрдэнэ "Ар монголд орчин үе үгүйлэгдэнэ" бүтээлээс зах зухын ойлголт аваад л байжийнэ.  Ер нь одоогийн байгаа байдлыг ёстой энгийнээр тэгэхдээ философи судалсан хүний ухаанаар бичсэн байна лээ.  Номын ерөнхий утгыг ажаад байхад Тэмүжин улс төрчийн санаатай адил байх шиг.  Ийм нэг ном уншиж үзлээ таалагдлаа.  Одоо И МЁН БАГ " Ажлаар амьсгалсан он жилүүд" номыг уншаад байжийнэ.  Айхтар л хүмүүс юм даа.  Ази хүн болоод ч тэр үү анхны хайр энэ тэрийн тухай юм гарахгүй л юм.  Ном бол миний амьдралын нэг хэсэг байсаар байх болно.  Би уншсаар л байна.

Амьдрал тийм айхтар хурдтай хэмнэлтэй байгаа юм уу дотно найзуудтайгаа уулзалдаж амжихгүй л байх юм.  Хүн болгон л тийм байгаа бололтой.  Тэгж байгаад нэг цэцэг тарьж үзэхээс сонирхолтой санагдаад байгаа.  Зарим нь эхнэр авдаг насан дээрээ цэцэг яриад гэх байх л даа.  Яарах юун билээ


бичсэн: dadido | төрөл: 2012-04-17 өдөр 13:58
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

БОМЖ

     Оросоор ингэж нэрлэдэг юм гэнэ лээ.
     Ойрын үед манай орцонд нэг гэр оронгүй хүн байнга хэвтэх болсон.  Өглөө гарахад байна орой ирэхэд бас байна.  Зайлуул цаанаа л сульдаж ядарч байгаа шинжтэй.  Хэвтээд л.  Цагтаа хүн шиг л амьдралтай байсан байлгүй дээ.  Ийм хүмүүсийн талаар зурагтаар  "хүн хог" гэж нэвтрүүлэг гарч байсан санагдана.  Юутай ч тэд нийгэмдээ хог шиг л харагдах болж.  Өвлийн хүйтэнд манай орц захын орц болоод ч тэр үү тийм хүмүүс их хоноглоно.  Үнэр танар нь ч эвгүй.  Гэхдээ тэднийг хөөж чаддаггүй юм.  Хөлдөж үх гэснээс ялгаан юун.  Өөр тусыг тэдэнд даанч үзүүлж чадахгүй юм даа.  21000 төгрөг тараагаад 2 шахуу жил болох гэж байна.  Би дотроо энэ мөнгөнд баярладаг юм.  Юутай ч ядруухан айл 10 кг гурилаа авч өлсөж үхэхээргүй л боллоо гэж.    Даан ч энэ мөнгө тэр "хог" шиг болоод байгаа хүмүүст очиж чадахгүй байгаа нь харамсалтай.  Энэ тал дээр хөөцөлддөг төрийн болон төрийн бус аль ч байгууллага байдаг юм бүү мэд.  Тэд бол орхигдсон.  Зурагтаар, сайтаар, сонингоор, их, дээд сургуулийн индэрээр дүүрэн "Ардчилал, хүний сайн сайхан, эрх чөлөө" ярьсан, бичсэн, нийтэлсэн улс төрч, судлаач, шинжээч, оюутан, мэргэжилтэн.  Шар номоор дүүрэн хуулийн фирмүүд, төвүүд.  Эрх, эрх чөлөө гэдэг хуульд заагдсанаар л хэрэгжээд явчихдаг зүйл биш.  Зарим үед Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгждэг эрхүүд гэж бий.  Тэдний 21000 д дэмжлэг хэрэгтэй байна.  Нийгмийн хамгааллын чиглэлийн ажилтны үзүүлэлтэд хэдэн орон гэргүй хүнийг 21000д хамруулснаар нь дүгнэдэг болмоор ч юм шиг.  Даан ч манай цалин багатай, бага цалинтай ажилдаа дургүй, тэгээд өөр газар ажилд орох гэхээр бас нэг тийм хүмүүс маань энэ талаар хөдлөнө гэхэд итгэл нэгэнт төрөхгүй байна. 

Нэг хүний эрхийг хангаж чадахгүй бол бусдын эрхийг мөн адил чадахгүй
      
        


бичсэн: dadido | төрөл: 2012-03-24 өдөр 18:36
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Хөлөө олох

Амьдрал аа гэж.  ҮРгэлжилсээр.  Нэг мэдсэн блогоо бичсэнгүй их уджээ.  Сонин содон зүйлгүй болохоор бичих юм ч нэг их олдсонгүй.  Урд нь бичсэн улс төрийн талаарх бичлэгээ харахаар дотроо ичээд байх юм.  Аа тийн цагаан сараар хүмүүс их гоё хувцастай шинэлцгээж байна лээ.  Бага багаар ч гэсэн үндэсний хувцас сэргэж байгаа нь гоё юм аа.  Наадмаар нэг дан дээл хромон гуталтай өмсөнө гэж бодоо л байна.  Ирж яваа цаг болохоор гадаа цаанаа л сайхан.  Ямар ч аймаар урт өвөл байв даа бурхан минь.  Юу юу ч болоод өнгөрчив.  Бөөн сорил л байлаа.  Заримдаа ч сорилын өмнө сөхрөх юм даа.  Аймхай болж дээ.  За тэгээд амьдрал үргэлжилсээр л.  Амьдралд тогтоно, хөлөө олно гэдэг тийм ч амар юм биш юм даа гэж...Амьдралд баяжих, боловсролтой болох, сексдэх, шоудах гол нь биш хөлөө олох юм байна даа.  Сэтгэлдээ хөлөө олоогүй бол бас л чанга болтой.  Хөгшчүүд "энэ маань нэг хөлөө оллоо" гэж санаа нь амарсан янзтай ярьдаг.  Учиртай л юм байна даа

бичсэн: dadido | төрөл: 2012-03-07 өдөр 20:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

регресс

Ай миний залуу нас аа гэж.  Нэг л ёозгүй.  Хүсэл мөрөөдөл зорилго итгэл юу ч үгүй болчлоо.  Байнга дотор хүнтэйгээ зөрчилдөх.  Эргээд бодоход хураасан хөрөнгө, сурсан эрдэм, хайр дурлал гээд юу ч алга.  Зүгээр л хоосон.  Хорвоогийн хамгийн новшийн ажил руу гулсаж орсондоо одоо өөрийгөө хараагаад баршгүй.  Би одоо хэн ч биш.  Гэр орондоо орохоос ч дургүй хүрэх юм.  Болдогсон бол бүх зүйлийг хаяаад хаа нэг тийшээ бүрмөсөн сураггүй алга болчих юмсан.  Зүгээр бүх зүйл новш оргиод.  Ойрын өдрүүд бүгд хаялт гээлтээр дүүрэн.  
Бага насаа эргээд бодоход олигтой юм бараг үгүй дээ.  Хүчирхийллийн бус айдсаар дүүрэн.  Ядаж байхад надаас өөр тэр айдсыг хуваалцах ойлгох хүн байсангүй.  Одоо хар дарж зүүдлэхээрэ байнга тэр байр зүүдэнд ордын.  Тэр айдас одоо ч оршсоор...            


бичсэн: dadido | төрөл: 2012-02-20 өдөр 11:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

хараал ид гэж

Би сүүлийн үед сэтгэл зүйн их тийм тэнцвэргүй байдалд орж байна.  Яагаад ч юм бэ нэг л сонин.  Торноос гараад өөр нэг торонд орчих юм.  Ядаж байхад орчин тойрныхон маань намайг тэр тор луу түлхэх их дуртай юм.  Учраа олохоо ер нь болилоо.  Яагаад би заавал тэр торонд байх ёстой юм бэ гэж.  Бүүр хөдөө уулын мухарт очиж амьдармаар санагдах шиг.  Тэгж болохгүй, ингэж болохгүй, бөөн хориг сааднаас заримдаа бүр залхах юмаа.  Шувуу болоод нисчих юм сан.  Хэзээ ч ахихгүй, хөгжихгүй тэр зүйл дахиад...энэ бүхнийг хаяаад өөр тийшээ ор сураггүй алга болох юмсан түй чоорт сда бүгдийг чөтгөр аваг


бичсэн: dadido | төрөл: 2012-01-17 өдөр 21:10
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

2012

Та бүхэн 2012 ондоо
Санасан бүхэндээ саадгүй хүрээрэй
Зорьсон зүйлдээ зоволтгүй хүрээрэй
Эхэлсэн үйлээ дуустал зүтгээрэй
Эцсийг нь үзтэл шантрахгүй зүтгээрэй
Урдах зам чинь дардан байг
Учрах хайр чинь үнэнч байг
Ганцаардсан нэг нь олон болтугай
Олон нэг нь өнөр байх болтугай



бичсэн: dadido | төрөл: 2011-12-31 өдөр 23:55
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Атаархах зүйл үгүй

     Сая Ким ахыг өөд болохоор нь Барбара Демикийн "Атаархах зүйл үгүй" гэдэг номыг нэтээс татаад уншваа.  Номыг өөлвөл хойд солонгос хүн биш Америк хүн бичсэн болохоор үзэл суртал орсон байх талтай ч байж болно.  Гэхдээ бодит хүмүүсийн дурсамж дээр бичсэнээрээ илүү баримтат юм уу даа.  Уншаад цочирдов.  Өлсгөлөнгөөр үхэж байгаа хүмүүсийн тухай хэсгийг уншаад үнэхээр балмагдсан.  Хорвоод хүн хоолгүй байдлаас болж үхнэ гэдэг хамгийн аймшигтай бөгөөд эмгэнэлтэй.  Номныхоо дараа хүнсний зах орж мах авах гээд явав.  Ард талын хогон дээр нь хонины шулсан хавирга, үхрийн чөмөгтэй булууны яс овоолоостой.  Бөөн калори нүдэнд харагдав. Дотор махны тасагт 10 кг дөхсөн цувдай нь 4000 төгрөг.  Ер нь манайхан цувдай идвэл доошоо орчихно гэж боддог.  Бие биендээ "Цаадахь чинь амьдрал нь ядраад зах дээрээс цувдай авцан явжийлээ" гэдэг дээ.  Бурхан минь монголд өлсч байна гэж ярьж болохгүй юм билээ шүү.  
Махны ченж хийдэг ахтай эмнэлэгт нэг өрөөнд хэвтэв.  Яриагаар нь бол хөдөө мал ховордож байгаа, удахгүй урдаас махаа зөөнө гэх юм.  Хиаманд хийдэг гахайн өөхийг бүгдийг нь урдаас зөөж байгаа болтой.  Уул уурхай гэж хэт хөөрцөглөөд мал бэлчээх нутаггүй, тариа услах голгүй болчихвол муулаад гайхаад байдаг хойд солонгосоосоо л дор болох байх даа бараг.         
Сүүлийн үед өөртөө их эргэлздэг болчоод.  Би материаллаг баялаг бий болгож байна уу гэж.  Эсхүл тийм үйлдвэр, компаний хувьцааг худалдаж авчмаар ч юм шиг.  Төлөвштлөө хол юм даа   


бичсэн: dadido | төрөл: 2011-12-27 өдөр 13:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Заргач

  Зах зээлийн нийгэмд чинь юм хөөцөлдөж бүтээж чаддаг хүн гайхалтай юм.  Ядаж байхад ээж нар аймаар сайн заргач, хөөцөлдөгч хүмүүс юм.  Хөөрхий дөө хэдэн зулзагаа өлсгөөхгүй, хүнээс дутуугүй явуулах гэсэндээ ичихээ ч байчдаг юм шиг байгаа юм.  Ямар ч газар орсон хариуг нь аваад л гарч ирэхийг нь яана.  Ам хэл нь ч гэж мэргэн түргэн хурц гэж жигтэйхэн.  Хэрвээ тэд хүнээс ичиж нэрэлхсэн бол энэ амьдрал ийм байхгүй дээ бараг.  Ядаж байхад хэнтэй ч тохиролцож чаддагыг нь яаана.  Дэргэд нь хуулийн сургууль төгссөн, бас ч үгүй гайгүй ажил хийж байсан би ичихийн үнэндээ.  Хуулийн сургууль төгссөн гэдэг мөртөө олигтойхон хүнтэй маргалдаж, байдалд оруулж чадахгүй охидуудыг харахаар ч бас л ааяаяа.  Хүнтэй харьцах урлагыг яаж тэгж эзэмшдэг юм бол бүү мэд. 
  
жич:  УИХ д эмэгтэйчүүдийн квот оруулсанд нь баярлаад байгаашд дотроо.  Монголд Эрин Брокович хүүхнүүд хэрэгтэй байна шөө



бичсэн: dadido | төрөл: 2011-12-16 өдөр 19:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Ханиад

     Ёо бас л ханиаданд дарлуулчихлаа.  Гэхдээ яг нам дардагын даваан дээр паарны халаалт зогсоод намайг өвтгөцийн.  Миний буруу ерөөсөө биш.  Би мундаг...нөгөө...заза ээждээ эрхэлдэг үгээ бичих гэжийшд.  Урд нь ханиад хүрэхээрээ юм л бол дусал юм уу тариа хийлгэдэг байсан.  Сүүлдээ дасалтай болчих болов уу гэж айгаад больсон.  Дэлгүүрт гэнэ ээ аптээкэд зарж байгаа зарим эмнүүд ямар ч нэмэр алга. 5000 төг өөр мундаг сироп гээд уусан чинь бараг л дордуулав.  За болъё гээд сурагч байхдаа уудаг байсан кальци хлороод, үроторпин, шингэн вит с гээ авлаа.  Бас ардын эмнэлгийн хэдэн эм.  Аз таарч байхад яг манай хажууд уламжлалтын эм зардын.  Гэснээс хятадын астма, бронхит, ханиадны эмүүд, бас дуслууд лав маш сайн үр дүнтэй байдаг. Яагаад ч юм эмийн сангуудад бараг зарагддаггүй.  Чанаргүй гэхээсээ илүүтэй өөр ашиг сонирхол л явагдаад байгаа байх.  Терафлю энэ тэр гээд гоё үнэртэй сиропнууд лав л эдгэрүүлэхийг хараагүй.  Би сүүлийн үед оросын эмнүүдэд итгэхгүй болчоод байгаан.  Хуурамч архи, тамхи, эмийн үйлдвэрлэл ихтэй л гэдгийн байна лээ.  Ер нь боломжтой бол виски шимээд сууж байх ер нь зүгээр юм шиг байна шүү.  Кинон дээр гардышдээ.  Нэг жижиг хавтгай метал дашмагт виски хийцэн, хааяадаа шимээд л.  Тэр чинь бас л өөр агуулга юм шиг байгаан.

   


бичсэн: dadido | төрөл: 2011-12-14 өдөр 20:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Ямар хүмүүс нь дурладаг байна аа би атаархаж байна
Яагаад намайг тойроод байдгыг би ойлгохгүй байна
Надад дурласангүй гэж бичээгүй шүү уншигч минь
Намайг яагаад дурлуулдаггүй зүрхэндээ л агсамдаж байна
Гэм буруу надад байна уу дурладаггүй зүрхэнд байна уу
Гэрэвшиж хэн нэгнээс нь би зугтаагаад байдаг юм болов уу
Оргилуун насныхаа талд нь орлоо юу л болоод байна даа
Орь ганцаар өөртэйгээ ярьсан тэр л залуу хэвээрээ
Ганцаардаж байна гэж тунихгүй ээ би амьдралд
Ганц олдох дээд хэмжээ нь ч энэ юм бил үү бүү мэд
Олон биш ч хэдэн бүсгүйтэй учир ургуулж
Ор хөнжлийн явдлаар хэсэг хөөцөлдсөн ч
Дурлал тэгээд хайрыг хэзээ ч бий болгодоггүй юм байна
Дурласан биш тачаадсан сэтгэл тэр үедээ л юм байна лээ
Тачаангуй залуугаас хол яваараа бүсгүй минь хэрвээ чи хүсээгүй бол
Тийм залуу хэзээ ч хань болохгүй
Амьдрал гэж нэг иймэрхүү
Ахиад хүн болж төрөхгүй ээ лав







бичсэн: dadido | төрөл: 2011-12-10 өдөр 20:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

дэндүү туйлшрал

     Ишиг эвэрээ ургахаараа эхийгээ мөргөнөө гэж.  Сүүлийн жилүүдэд бичигдэж байгаа ном зохиол, нийтлэлүүдийг харахаар коммунизмыг газар доогуур ортол нь муулсан байх юм.  Ерөөсөө л ад зэтгэрийн эрин үед байсан юм уу гэж учир мэдэхгүй хүүхэд ойлгомоор.  Хуучин тогтолцоонд коммунизмын туйлшрал байсан бол өнөөдөр ардчиллын туйлшрал.  Туйлширлаараа бол аль аль нь ялгаа алга. Муулаад байсан коммунист тогтолцоо нь Гитлерыг нам дарсандаа үнэндээ.  Үүний эсрэг өрнөдийн түүхчид 1939 оны орос-германы гэрээг их гаргаж ирж бүдгэрүүлэх хандлагатай мэт.  За энэ ч арай л томдсон санагдаад явчихлаа.   Ардчиллынх нь сонин санагдаад байгаа юм.  Хуучин тогтолцоонд алдаатай юм зөндөө байсан байх өө.  Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай хүний эрх, эрх чөлөө өмчийн үзэл санаа байхгүй гээд.  Одоо бол алдаа зөндөө л байна.  Улаанбаатарын утааны тухай яригдахад тэгээд л нам шүү дээ.  Социализмын үед лав л Улаанбаатар утаатай байгаагүй нь тодорхой.  Социализмын үеийн дарга нарыг сайн муу хэлээд, тэр үеийн нам засгийн удирдагчдыг шүүгээд өнөөдөр ямар ч утгагүй.  Саяхан Брежнев, коммунизмын тухай нэгэн нийтлэлийг уншаад ихээр цочирдов.  Тэр хүнийг хэтэрхий магтаж байсан л гэнэ.  Зөнөг л гэнэ.  Юутай ч тэр өвгөний үлдээсэн дэд бүтэц дээр өнөөдрийн бид амьдарч байна.  Юу ч гэсэн 3, 4 р хороолол тэр хүний шийдвэргүйгээр баригдахгүй л байсан биз.  Энэбиш агсны хөшөөтэй тэр хүний хөшөө зэрэгцээд байж байхад гэмгүй л дээ бараг.  Социализмын үед баригдсан дэд бүтцийн завсар зайнд баригдсан хэдэн шилэн цамхагаа зарим нэг маань хөгжил гэж хараад байгаа бол ёстой гуцваа л байна.  Ардчилалд шилжээд шинээр хот байгуулсан уу.  Үгүй.  За ингээд бичихээр зарим нэг нь манай нам л монгол орныг ийм болгосон гэж солиороод явчихна.  Өнгөрсний гавъяаг өөр дээрээ нялзаах гээд байгаа нь сонин.  Одоо үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тэмдэглэнэ.  100 жилийн өмнө ямархуу орон байсныг Н.Энхбаярыг Францад айлчлахад францчууд хүрээний гудамжинд хүмүүсийн нүдэн дээр бааж байгаа  монголчуудын бичлэгийг үзүүлж байсан.  Нэг юм бодогдох байх. 
Өнгөрсөн үе рүүгээ хэт дайрч, улс төр хийж амжилт олох гэж байгаа хүмүүсийг харахаар маогийн улаан хамгаалагчид, хувьсгалт залуучуудын эвлэлийн ухуулагч нараас бараг ялгаагүй харагдах юм.  Ихэр юм шиг санагдцаан.  Ямар ч улс үндэстэн түүхэндээ алдаатай замнал туулж л байдаг.  Одоо ч туулсаар. Магадгүй зах зээлийн хэт чөлөөт эрээ цээргүй байдал нийгмийг юунд хүргэж байгааг харахад ч бэрхтэй.  Порно киноны од хүүхэн Опрагийн шоугаар гараад л.  Монголын ТВ орчуулж тавиад л.  Порно од болвол баян болно гээд байгаа юм уу хаашаа ийн.  Олон мянган садар самууны сайтаа хааж чадахгүй байж үнэнийг дэлгэсэн викиликсээр оролдоод байгааг нь хараач. 
     Аль нэг хэт туйлширсан үзэл суртлыг миний эх оронд бүү сурталд.  Туршмаар байгаа бол туршигдсаны дараа нь нутагшуул.  Үндэсний менталитетээрээ битгий оролд.  Япон, Герман хүн шиг баймаар байгаа бол тэндээ очиж амьдармаар. Зарим эрдэмтэд гэхиймуу хүмүүс юм л болвол "пост социалист орнуудад ингэсэн" гэхийн.  Магадгүй хуучин тогтолцоонд ч адилхан "социалист орнууд ингэж байна" гэдэг байсан биз.  Юм л хуулахын дон.  Гадагшаа явж галуу тахианы мах идчээд тэрийгээ хорвоод байхгүй амттай гэж байгаатай л адил.  Сүүлдээ байсаар байтлаа хойно их, дээд төгссөн бол буруу болоод явчих жишээний.  Зарим хүн энэ мэтчилэн хэт туйлширах юм даа. Хууль гэдэг төрийн бодлогын илрэл, бас эрх, эрх чөлөөний манаач.  Гэтэл энэхүү манаачаа гадаад хүнээр хийлгүүлээд байхаар нэг л сонион.  Тэр нь дараа нь нутагтаа оччихоод "монголд ийм үйлдэл хийвэл эрх зүйн хийдэлтэй, энэн дээр нь ажилла" гэх байх л доо бараг.  Заза баахан юм бичсэн байна.  


бичсэн: dadido | төрөл: 2011-12-06 өдөр 16:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив